Коммунист тогтолцоо төгсгөл болсны 30 жилийн ойд зориулагдсан энэхүү номын гарчгийг оноохдоо тохиолдлын чанартайгаар, ямар нэгэн хялбарчлал эсвэл санаатайгаар хэтрүүлэг хийгээгүй болно. Коммунизмын үеийн эрх чөлөөгүй байдлыг эцэслэхийг бид бүгдээрээ ихэд хүсэж, тухайн цагийн эдийн засгийн уналтыг зогсоохыг эрмэлзсэн. Гэсэн хэдий ч лангуу дүүрэн супермаркет, далайн эрэг дээр амрахад зөвшөөрлийн бичиг шаардахаа болих, улам л томроод байдаг зурагтын дэлгэцээр үй олон суваг сольж үзэх төдийхөн бол бидний жинхэнэ хүсэл эрмэлзэл байгаагүй юм. Бүх төрлийн “Гулаг”-ийг устгах, тойрон хүрээлэгчдийн эрх мэдлийг хязгаарлах хуулийг батлах зэрэг ч хангалтгүй гэдгийг бид мөн мэдэж байлаа.
Бидний амьдралыг төрөөс зохицуулах, хэн нэгэн нь зааж зааварчлах эрх мэдлийг эргэн ирэхгүйгээр нэг мөр устгах нь л бидний хүссэн үндсэн зүйл байсан юм. Хамгийн чухал нь энэ байсан. Эдийн засгийн өсөлт, дэвшлийг бид хүсэж байсан ч энэ нь зах зээл бүрэн утгаараа ажиллаагүй нөхцөлд боломжгүй гэдгийг ч бидний цөөн хэсэг нь мэдэж байлаа (зах зээл нь автоматаар элбэг дэлбэг амьдралд хүргэх баталгаа биш болохыг ч бас мэдэж байсан).
Бид жам ёсны эрх чөлөөг хүсэмжилсэн билээ. Хожих, хожигдохоо өөрөө сонгох эрх чөлөөг. Гэтэл өнгөрсөн хугацаанд олсон амжилтыг эс тоон өнөөгийн ертөнц маань тэртээх 30 жилийн өмнөх ертөнц рүү улам бүр ойртсоор буйг анзаарч байгаа нь ганц би биш болов уу.