Одоогоос 20 жилийн өмнө Залуучуудын Холбооны тухайн үеийн удирдлагын хүсэлтээр Монголын залуучуудын эрмэлзэх есөн зүйлийг би бичиж байсан. Тэгэхэд би ч өөрөө залуу байж. Одоо насны хувьд дараа үеийнхэндээ сургаал айлдах, амьдралынхаа туршлагаас хуваалцах хэмжээнд хүрчээ. Хүн төрөлхтөн хичнээн хөгжлөө ч, техник технологийн ямар ч дэвшил гарлаа гэсэн хүмүүний амьдралын ёс суртахуун амьдралын философи, чиг хандлага өөрчлөгддөггүй юм.
Чухам энэ утгаар нь авч үзвэл элэнц хуланцын сургаал хуучирдаггүй. Тэмдэглэгдэж үлдсэнээр хамгийн анхны аугаа сургаалыг Сократ айлдсан. Тэрээр одоогоос 2500 жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Пифагор, Аристотель, Лаоцы, Күнз, Будда нартай нэг үеийн хүн. Хүний амьдралын мөн чанар, утга учир, зорилго тэмүүллийн талаархи Сократын сургаал бол эх загвар юм. Дараа үеийн бүхий л суутнуудаас эхлээд та бидний эх эцэг хүртэл чухамдаа Сократын сургаалыг үргэлжлүүлж, дэлгэрүүлж, өөр хувилбарт оруулж, илүү ойлгомжтой болгож бидэнд тайлбарласан. Хүн төрөлхтний бүхий л үеийн туршлагыг цуглуулсны хүчинд дараа үе нь түрүү үеийнхээсээ илүү туршлагатай, мэдээлэлтэй, мэдлэгтэй байдаг. Харин дараа үе нь түрүүчийнхээсээ илүү ухаантай байх албагүй. Энэ нь хувь хүний мөн чанар, хүмүүжлээс юун түрүүн хамааралтай. Түүнээс гадна нийгэм орчноос ч их хамаардаг. Сократ үүнийг бүхнээс түрүүн ажиглаж “Төр хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог” гэж хэлсэн. Гэхдээ л ухаан бол хувь хүнээс өөрөөс нь хамаарна гэдгийг тэрээр “Сайн муу хоёрыг ялгана гэдэг аливаа ухааны дээд нь” гэж айлджээ.