Хүн төрөлхтний түүх нь гүрэн улсын шастираас бүтэж, улс орны цадиг нь хувь хүний намтраар цогцолж, айл гэрийн хувь заяаг гэр бүлийн гишүүдийн араншин төрх тодорхойлдог билээ. Өөрөөр хэлбэл, бүхий л түүхийн эхлэл нь хувь хүн байдаг. Ялангуяа түүхэн, онцгой эргэлтийн үед аж төрж, нийгмийн өөрчлөлт, хувьсгалын давалгаан дунд амьдралаа өнгөрөөх онцгой тавилан ногдсон, иймэрхүү үйл явдал дундаас тодорсон хувь хүний амьдралын замнал нь түүхэнд онцгой үүрэгтэй.
Эдгээр зүтгэлтнүүдийн намтар түүхийг сэргээн бичсэнээрээ үндэсний түүхээ зөв голдрилд оруулах хамгийн зөв гарц, үүд болно хэмээн үзэж НЭПКО хэвлэлийн газар болон Хүмүүн хорвоо нийгэмлэгээс Түүхэн Эрхмүүдийн Цадиг цувралыг эрхлэн гаргасан болно.