Надад нэг хөрш бий. Энэ жил 12 настай, нэрийг нь Толгойгүй гэдэг. Түүнийг Толгойгүй гэж дууддаг ч хүн нь бол өөрөө толгойтой. Толгой нь харин ч бүр том ба нүд, чих, ам, хамар бүгд л бий. Тэр бас хичээлдээ ч сайн, яасан ч толгойгүй байх учиргүй. Гэвч бүгд түүнийг толгойгүй гэж дууддагийн учир нь тэр юу ч санадаггүй, хоосон гэмээр толгойтой.
Энэ хүүхэд үргэлж л манай гэрээр орж гарна. Нэг өдөр тэр баахан тоглож явсных нь дараа би дөнгөж хаалгаа хаангуут л “пад, пад, пад” хийтэл гадаах хаалга нүдэв. Хаалгаа нээгээд харвал өнөөх толгойгүй нөхөр зогсож байна.
- Уучлаарай, би цүнхээ мартчихлаа гэж хэлээд малгай, бээлийгээ тайлангаа өрөөнд орж цүнхээ хайв. Цүнхээ олж аваад гарлаа. Намайг дөнгөж хаалгаа хаав уу үгүй юу эргээд “пад, пад, пад” хаалга нүдэв. Нээгээд харвал өнөөх нөхөр:
- Уучлаарай, малгайгаа мартчихаж.
Тэр өрөөнөөс малгайгаа олоод явлаа. Дөнгөж хаалгаа хаав уу үгүй юу дахиад л хаалга нүдэх нь тэр ээ. Энэ удаад би хаалгаа нээгээд хэн байна ч гэж харалгүйгээр бээлийг нь өгөөд:
- Толгойгүй нөхөр минь, бээлийгээ ав.
Тэгээд би өрөөндөө ороод хартал толгойгүй нөхрийн цүнх нь байх нь тэр. Мэдээж малгайгаа авахаар ирэхдээ цүнхээ мартаж орхисон байх нь.
Толгойгүй, Таалагддаггүй хоёрын түүх
Зохиогчид: Рэнь Рунрун, Орчуулагч:Ө.Мөнхдэлгэр, Редактор: Н.Нандинчимэг, В.Уянга
Хавтасны загвар: Зөөлөн, Хэмжээ: 145х195, Хуудасны тоо: 96
ISBN 9789919511791
Монгол хэл