Буддын шашинд Их, Бага хөлгөн гэж бий. Их хөлгөнд судрын ёс, тантрын ёс гэсэн үндсэн хоёр чиглэл бий. Бага хөлгөний үнэт зүйлсийг ухаарах нь Их хөлгөнд суралцах дэвсгэр болдог. Судрын ёсыг өөриймшүүлэх нь тантрын бясалгал хийх бэлтгэл болдог. Өөрийгөө хайрлах хайр бусдыг хайрлах хайр болон хөгжиж, үзэгдэл юмсын шүтэн барилдлагыг ухаарах оюун үнэмлэхүй хоосон чанарыг нээх билиг болон цэцэглэж, эгэл жирийн оршихуйгаас бурханлаг оршихуйд шилжих нь гэгээрлийн замын цогц агуулга. Тэр бүхнийг энгийн ойлгомжтой атлаа учир шалтгааны гүн гүнзгий үндэслэлээр нотлон хураангуйлсан номын нэг нь Гэгээрлийн зам буюу «Бодичаръяаватара» (Самгард) юм.