Зохиогчийн оршил бол хөврөх дурсамж дундаас зурсхийн тодрох газрууд, урьд илрэн гарч байсан дүрслэл эсвэл өөрийн өнгөрсөн түүхтэй учрах болзоо юм. Энэ оршил тийм ч онцгой бишийн дээр эхлээд 1991-1998 оны хоорондох он цагийн болзоо, дараа нь зохиолч болон зохиолын дүрүүд хоорондын уулзалт юм. Бодит байдал, уран зөгнөл хоёрыг хэл бичгээр ялгахад бэрх. Он цаг хоорондын зай яг л нүдний харууц шиг ахар хийгээд долоон жилийн хугацаа гэдэг ширээн дээр өөд өөдөөсөө хараад суухтай л адил богино гэдгийг би харлаа.
Ингэж л би дахин гэр бүлийнхэнтэйгээ нэгдэхдээ тэдний харсан, сонссон, баяр баясгалан, зовлон шаналалтай мөн давхар уулзсан. Тэдний амьдралд аажим аажмаар уусан нэгдэх явцдаа тэдний дотоод дуу хоолой, санаа алдалт, уйлах, инээхийг нь хүртэл сонсож чадсан би азтай нэгэн. Дараа нь тэдний хувь заяаг дахин ойлгох эрхтэй болж, сул дорой ээж минь амьдралаа хэрхэн шүд зуун тэвчсээр дуусгаж байгааг, эцэг Сүн Гуанцайн хэрхэн өөрийгөө эцсээ хүртэл балмад, увайгүй болгон хүмүүжүүлснийг, яагаад аав, хүү хоёртоо хүртэл яг л өөрийг нь бүдрүүлсэн чулуу мэт хандаж, тэднийг хэзээ ч өшиглөхөд бэлэн ихэрхүү зантай байдгийг ойлгосон. Сүн Гуанцай ханийнхаа нүдэн дээр өөр эмтэй хамтран амьдарч байсан ч эхнэр нь нас барж, үхэл өөрт нь ойртоод ирэхийн цагт насан эцэслэсэн эхнэрийнхээ булшин дээр шөнө бүр очин нулимсаараа угааж байв. Сүн Гуанцайгийн аав Сүн Еөүюань урт удаан насалсандаа өөрөөсөө ч санаа зовон, шаналж байсан хэдий ч түүний хошигнох нь гуниглахаасаа олон байсан. Мөн Сүн Гуанпин, Сүн Гуанлин, Сүн Гуанмин хэмээгч ах дүү гурвын зам хэсэгхэн хугацаанд давхацсан ч удалгүй тус тусын зүг салсан. Сүн Гуанпин хамгийн эгэл байдлаар өсөж, аав Сүн Гуанцайг айлган сүрдүүлдэг байсан бол Сүн Гуанлин түүхийг хүүрнэгч хийгээд гэртээ буцаж ирсэн хүний хувьд илүү их туршлага хуримтлуулан, олон хүний хувь заяаг нүдэндээ тогтоон тэмдэглэсэн. Сүн Гуанлин бол энэ гэрийн хамгийн бага нь бас хамгийн түрүүнд мөнх бусын үүргээ биелүүлж, усанд үйж өөд болсон нэгэн. Тэр сүүлчийн удаа уснаас гарах гэж амь тэмцэн байхдаа нүдээ томруулан алтан нарны өөдөөс эгцлэн харсан юм. Долоон жилийн өмнө би энэ хэсгийг бичиж байхдаа анхнаасаа л би түүнийг наран өөд шууд харж чадна гэж бат итгэж байсан, учир нь энэ бол түүний сүүлчийн нар байсан. Тэр үүний төлөө амиа өргөсөн шүү дээ.
Би тэдний тухай долоон жилийн өмнө бичиж байсан бол энэ долоон жилийн турш тэд яг л миний найзууд шиг нүдэнд минь харагдсаар л байна. Цаг хугацааны уртад царай нь бүдгэрээгүй харин ч улам тодорч, илүү бодит болсон. Эдүгээ би тэднийг дурсамждаа хараад зогсохгүй шатаар өгсөж хаалгыг минь тогшин орж ирээд над руу дөхөх тэр хөлийн чимээг ч сонсдог болсон. Хийсвэр дүрүүд ийнхүү улам бодит болохын хэрээр би жинхэнэ байдал мөн эсэхэд эргэлзэж сэтгэл минь донхолздог боллоо.