Муу нэрт монголчууд муу нь муу. Гэхдээ муугийн маань цаана бидний хүч мөхөстсөн эмгэнэл оршдог. Ядмаг арчаагүйгээ бид соёлт ертөнцөд таниулж чаддаггүй бүрэг дорой амьтад. Маниус соц. лагерийн харанхуй мухарт холын байтугай ойрын мэдээгүй, дан ганц коммунизмаар амьсгалж ХХ зууныг барсан улс. Цөөн буурай бидэнд зөв юм байдаг ч хэлэх эрхгүй явж ирлээ. Томчуудын үг төрийн мэдэгдэл болдог тул тэд үгээ цэнэдэг. Тэдний илэрхийлэлгүй залгисан үгийг (тухайлбал оросуудад) түгээх боломж зохиолчдод ардчилал олгов. Сургуулийн минь хайрласан мэргэжил, гэдэс тэжээсэн ажил минь дон болж архагшаад салж өгөхгүйд бичих тэнхэл мохсон би “зөв нь буруугаа зөөлөн нь хатуугаа элээдэг” жам айсуйд хөөрч дэм өгөхөөр бүх нийтлэлийнхээ хураангуйгаар даган баяслаа. Бичих-миний ажил, бичих-миний үүрэг байв. Эдүгээ би архиваа ухахаас цаашгүй болжээ. Ном маань эргэцүүлэл төдий агаад туйлын үнэнд сэвээгүйгээ өчье.