Та бизнесийн нууцыг Библиэс яахаараа суралцдаг билээ гэж гайхаж байж магадгүй. Яагаад тэгвэл теннис тоглох нууцыг Библиэс сурах, эсвэл машин уралдуулах нууцыг Библиэс, эсвэл бүр гоо сайхан, нүүр будалтын нууцыг Библиэс суралцах тухай байж болохгүй гэж? Соёл иргэншлийн түүхэнд гүн гүнзгий нөлөө үзүүлж ирсэн энэхүү нууцлаг бөгөөд сүр жавхлант судрын хуудаснуудаас хүн өөрийн хайсан зүйлийнхээ талаар бараг бүгдийг олж мэдэх боломжтой юм. Хэдэн зуун жилийн туршид олон мянган хүн энэ судрын хуудаснуудаас өөрсдийн алсын хараа, айдас, итгэл найдвараа тольдон төсөөлж, эргээд итгэл үнэмшлийнхээ баталгааг тусган харсаар ирсэн билээ.
Аз болоход, энэ номд гарах энэхүү болон бусад аксиом болгон хэлж буй саналуудыг маань нягталж шалгах шаардлага танд гарахгүй. Би танаас өөрийгөө “их мэдэгч мэргэжилтэн”-ий оюуны шоронгоос суллан чөлөөлж, ажиглалт хийх, учир шалтгааны үндэслэлийг ухан гаргах өөрийн хүч чадалд боломж олгохыг хүсмээр байна. Энэхүү номд миний танилцуулах гэж байгаа зүйлсийг хэн нэг шинжээч, мэргэжилтэн хаа нэгтээ нийтэлсэн болов уу гэдэгт та санаа зовох хэрэггүй.
Харин та энэ номыг уншсанаар энд танилцуулж, дэвшүүлж буй ихэнх санаануудаас асар их үнэ цэнийг олж авах болно. Эдгээрийг үнэхээр үнэн үү гэж та эргэлзэж магадгүй. Эргэлзэхийг тань зөвшөөрнө, гэхдээ дахин хэлэхэд өөрийн ажиглалт, бас учир шалтгааны үндэслэлийг олох ур чадвараа ашиглаарай. Энд уншсан зүйлсээ тунгаан бодож, нарийн нямбай судалж, тэгээд өөрийн дүгнэлтэд хүрээрэй. Бусад хүмүүс хэчнээн мэдлэг чадвартай байлаа ч гэсэн, аливааг ялгаж салгах өөрийн чадварыг битгий үл тоомсорло. Хэн ч таны мөнгөнд тань шиг санаа тавихгүй гэдгийг санаарай.
Би таныг энэ номд дурдсан санаануудын талаар өөрөө үнэлэлт дүгнэлт өгөөрэй гэж урьж байна, яагаад гэвэл ямар нэг эсэргүүцэл төрнө гэдгийг би мэдэж байна. Та уг номд өгүүлж буй зарим санаануудын Библийн гарал үүслийн талаар эргэлзэж, эсвэл бүр дургүйцэж ч болно.