Гал тогооны “зэр зэвсэг”
Хүн төрөлхтний хамгийн анхны зэр зэвсэг гал тогоонд үүссэн гэж болно. Бас зэвсэглэлийн хураах дэлхий дахины хөтөлбөрт хамаарахгүй үлдэх хамгийн сүүлчийн бэхлэлт бол гал тогоо гэхэд бас буруудахгүй. Цөмийн зэвсгээс эхлээд бүхий галт зэвсэг буу сумыг хязгаарлаж, хурааж болох ч хутга хэмээх сүрхий мэсийг хэн ч хориглож дийлэхгүй. Учир нь тэрбээр гал тогоо хэмээх хамгаалалтын бат цайзтай билээ.
Түүдгийн гал, тулганы чулуунаас үүдээд тусгай өрөө танхим болтлоо хөгжсөн гал тогоо хэмээх газарт бидний амьдрал өрнөдөг. Орчин цагийн айл өрхийг гал тогоогоор нь үнэлж, эзэгтэй нар зочиндоо гайхуулдаг, хэрхэн хөгжүүлж тохинуулах санаа оноогоо уралдуулдаг газар нь тэр болж.
Харин энэ номд ерөөсөө гал тогооны өрөөний тухайд бус, түүнийг хэрхэн зэвсэглэдэг тухай, багаж хэрэгсэл тус бүрийн зорилго хэрэгцээний тухай өгүүлнэ. Эзэгтэй нар маань онц эрхтэйгээр зэвсэглэлээр хөөцөлдөхөд хэрэгтэй гарын авлага гэсэн ч болно.
Өрнөдийн гал тогоо, хоолны хэрэгсэл дээр голлон жишээлсэн эл бүтээл манай эзэгтэй нар, эзэгтэйн найдвартай туслах болсон эрчүүдийн хэрэгцээнд яг нийцнэ гэж бодож байна. Түүнчлэн, хүүхэд багачууддаа хооллох, хоол бэлтгэх соёлыг багаас нь сурган хөгжүүлэхэд хэрэгтэй гарын авлага ч юм.