Буддын шашин буюу бидний нэрлэснээр Буддын ном: Танин мэдэхүйн альманах анх удаа гарч байгаа нь энэ. Будда Шагжамүни сургаал номлолоо айлдсанаас хойш 2500 гаруй он улирч, Монгол газар гурвантаа дэлгэрэх зуур гарсан ном бүтээлийг тоолшгүй боловч юуг анх удаа хэмээн онцгойлсноо эхлээд тайлбарлая.
Бурхны шашныг лам хуврагаар тайлбарлуулах, сүсэгтнээр нь яриулах, эсвэл ондоо шашинтны нүдээр харах бүгд өөр, сэдэв нэг боловч үзүүлэх өнцөг тусдаа байдаг. Харин National Geographic-ийн түүхийн альманах нь тодорхой сэдвийг үүсэн гарсан, мандан бадарсан цаг үеийнх нь хэлхээс дунд, хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас харуулдгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл шүтэн бишрэгчийн сэтгэлийн хөдөлгөөн, үгүйсгэгчийн эрс үзэл, тоомжиргүйн эндлийг аль болох тойрч, бодит үнэнийг эрэлхийлсэн хэлбэр ч гэж болно.
Энэ онцлогоороо шинжлэх ухааны танин мэдэхүй, түүхэн үнэнд дурлагчдын таашаалд нийцдэг танин мэдэхүйн брэнд National Geographic-той зохиогчийн эрх хамтатгасан НЭПКО хэвлэлийн газрын бүтээл Буддын ном анх удаа гарч байна.
Буддизм, түүний дотор Монголын буддизмын түүх нь нэн баялаг билээ. Бурхан багш Шагжамүни бээр “Миний шашин умраас умарт дэлгэрнэ” хэмээн эш үзүүлж бошиглосон ёсоор Энэтхэгээс Төвөд, Төвөдөөс Монголд дэлгэрсэн бурхны шашин нь Богд Зонховын гэлүгийн ёсноос эхтэй боловч “Умар зүгийн Жавзандамбын шашин” хэмээгдэх бөлгөө. Монголчууд бол буддын өв соёлыг хадгалагчид, хамгаалан дэлгэрүүлэгчид төдийгүй бурхны шашны шинэ түүхийг бүтээгчид юм.
Шашин-улс төрийн олон шалтгаанаар Манж Чин гүрний нийслэл болон Төвөдийн Лхас, Далай ламын инстүүцээс тодорхой хамааралтай явсан Монгол Буддизмыг бие даалган “Умар зүгийн Жавзандамбын шашин” болгон тунхаглаж хөгжүүлэх үйлсийг Монголын улсын шашин төрийг хослон баригч хаан, наймдугаар Богд Жавзандамба (1869-1924) хутагт эхлүүлсэн түүхтэй бөгөөд өнөө ч үргэлжилсээр байгааг та бүхэн эндээс илүү тодоор ойлгоно.
Мөн эл бүтээлд Будда Шагжамүнийн сургаал номлолын түүх, түүний олон аймаг савын ном хийгээд их, бага хөлгөний ёсон, тогтсон таалал хэмээх үзэл баримтлал улмаар Умар зүгийн Жавзандамбын шашны түүхийн хураангуйг багтаажээ.
Монгол буддизмын түүхийн альманах нь түүхийг судлах, шашныг танин мэдэх нэгэн сайхан гарын авлага, ширээний ном болоод зогсохгүй шүтлэгтэй хүний мэдлэгийг улам тэлэх, өөр ном сургаалтнууд сонирхон үзэх, танин мэдэх үүдийг нээж байна.
Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай.
Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас эгнэгт хагацах болтугай.
Хамаг амьтан зовлон үгүй амгалан лугаа хэзээд үл хагацах болтугай.
Хамаг амьтан ойр, хол садагнан тачаах, өслөн уурлах аль алинаас ангид тэгш сэтгэлээр орших болтугай.