2017-2021 оны хооронд би Нью Йоркэр сэтгүүлд гурван өгүүллэг тэрлэсэн юм. Эхнийх нь эсийн эмнэлзүй ба үүний ирээдүйн тухай. Тодруулбал Т эсийг инженерчлэх замаар хавдрн эсүүд рүү довтлуулах тухай. Харин хоёр дахь өгүүллэгтээ би хавдрыг дан ганц хавдрын эс гэдэг үүднээс биш харин эсийн экологийн үүднээс авч үзэх ёстой гэж өгүүлсэн. Түүнчлэн яагаад хүний биеийн зарим хэсэгт хавдар илүү их үүсдэг байхад бусад хэсэгт нь үүсдэггүй вэ гэдэг асуудлыг хөндсөн. Ковид-19 цар тахлын эхэн үед бичсэн гурав дахь өгүүллэгтээ харин хүний бие, эсэд нэвтэрсэн вирусүүд юу хийдэг, бие, физиологид ямар хор хөнөөлтэй талаар өгүүлсэн.
Энэ гурван өгүүллэг маань ерөнхийдөө эсийн инженерчлэл хэмээх том сэдэвтэй холбоотой. Үнэндээ яг одоо бидний эргэн тойронд хувьсгал явагдаж, түүх (болон ирээдүй) шинээр бичигдэж байна. Эсийг хувьсган өөрчлөх бидний ур чадвар нэмэгдэж байна. Энэ хувьсгал хүчээ авахын хэрээр анагаах ухаан мөн хувьсан өөрчлөгдөх болно.
Дээрх гурван өгүүллээс энэ ном минь үндсээ аван ургасан юм.
Энэ ном эсийн тухай өгүүлнэ. Ингэхдээ бүх амьд организм, тэр дундаа хүмүүс бид өөрсдөө хүртэл ийм “эгэл нэгжүүдээс” бүрдсэн гэдгийг хүн төрөлхтөн хэрхэн олж мэдсэн он цагийн товчоог хүүрнэнэ. Мөн бие биеэсээ тусдаа эдгээр жижигхэн нэгжүүд нийлэн – эд, эрхтэн, эрхтний систем – болох замаар физиологийн хувьд гүн ач холбогдолтой зүйлс болох: дархлаа, нөхөн үржихүй, мэдрэмж, танин мэдэхүй, засвар, залуужил үүсгэдэг талаар ч өгүүлнэ. Эсрэгээр нь бас, хэрэв эсүүд үгэнд орохоо боливол ямар хор нөлөөтэйг мөн харуулах ба тэгснээр бид эсийн физиологиос эсийн эмгэг судлал буюу патологи руу, өөрөөр хэлбэл эсүүд хэрхэн бие махбодод өвчин эмгэг үүсгэдэг тухай хаалгыг тогшино. Эцэст нь эсийн физиологи, патологийн талаарх ойлголт маань нэмэгдэхийн хэрээр анагаах ухаан, биологид хувьсгал гарч байгаа бөгөөд үр дүнд нь анагаах ухаан хувьсан өөрчлөгдөөд зогсохгүй тэрхүү шинэ анагаах ухаан хүнийг хувьсган өөрчилж эхэлж буй талаар өгүүлнэ.