Дэлхийн II дайнаас хойш улс орон, бүс нутгуудын хөгжил хурдацтай өөрчлөгдөж байна. Нэртэй улс төрийн эдийн засагч Мансур Олсон эдгээр өөрчлөлтийг тайлбарласан үнэмшилтэй онол дэвшүүлж, үүнийгээ дэлхийн өнцөг булан бүрд болж өнгөрсөн түүхэн үйл явдал, үе шатуудтай эсрэгцүүлэн шалгажээ.
Олон хүн эдийн засгийн онолд шүүмжлэлтэй хандаж байхад эдийн засагчид түүнийгээ улам өргөтгөх гэж зүтгэдэг нь хачирхалтай санагддаг юм. Зөвхөн “стагфляци” болон сүүлийн үед шүүмжлэлийн бай болоод буй эдийн засгийн өсөлтийн бууралтыг тайлбарлахын оронд бусад шинжлэх ухаанд ногдох янз бүрийн асуудлуудыг тайлбарлах гэж оролдох боллоо. Өнөөгийн нийгмийн “удирдлагагүй” байгаа байдал, Английн ангийн бүтэц, Энэтхэгийн тогтолцоо, олон хөгжиж буй орнууд дахь эрх мэдэл, орлогын үлэмж тэгш бус байдал, бүр эртний дундад зуунд харьцангуй хоцрогдсон байсан Баруун Европын орнууд XIX зуунд дэлхийд тэргүүлэх байр сууринд гарсан асуудал гэх мэт. Мэдээж бид хангалтгүй хэмээн үзэж байгаа асуудлуудаа өргөтгөн сайжруулж байх нь энгийн зүйл юм. Хэрэглэх боломжгүй, техникийн алдаа ихтэй технологиуд тэдгээрийг цааш нь улам боловсронгуй болгох хэрээр эдийн засгийн хувьд ашигтай, илүү найдвартай болж байдаг билээ. Эдийн засгийн онол ч яг үүнтэй адил, заримдаа шүүмжлэлтэй тулгарч болох бөгөөд шинэ үзэл санаанд тулгуурлан урьд нь тайлбарлаж чадаагүй асуудлууддаа тайлбар хийх боломжтой болдог.
1970-1980-аад онд үүссэн шинэ нөхцөл байдлыг урьдчилан харж чадаагүй вэ? Магадгүй, тэдэнд мэргэжлийн явцуу хандлага саад болсон байх. Тэд зөвхөн эдийн засагчдын дадал болсон судлах үзэгдэл асуудлыг л авч үзсэн. Энэ номд хэрэв арай өргөнөөр, бусад шинжлэх ухаантай холбон харвал бид ерөнхий зургийг арай өөр өнцгөөс харж чадна гэдгийг харуулахыг хичээсэн болно.
Энэхүү судалгаа нь хэд хэдэн шинжлэх ухааны асуудлыг хамарч байгаа болон бодлого тодорхойлогчдоос гадна оюутнуудад ойлгомжтой болгох үүднээс би энэ номоо эдийн засгийн сэтгүүлийн хэлнээс арай өөр хэлээр бичсэн болно. Үүний дүнд энэ ном маань миний коллеги - эдийн засагчдад шаардлагатайгаас арай илүү урт болсон. Гэхдээ би энэ ном бүх мэргэжлийн хүмүүст ойлгомжтой (хаалтад авсан зарим тайлбар, өгүүлбэрийг эс тооцвол) болсон гэдэгт итгэлтэй байна.
Мансур Олсон