Түүх янз бүрийн цэгээс эхэлдэг. Өгүүлэгчийн санаагаар болдог юм огт биш. Заримдаа эзнээ төрөхөөс хамаагүй өмнө анхны мөрүүд нь бичигддэг намтар ч бас байна. Зөвхөн хутагт хувилгаадын цадиг өмнөх дүр нь жанч халснаас эхэлдэг юм биш. Цаг үеийнхээ ачааны хүндийг үүрэх, шинэ үйл хэргийг түүчээлэх хувь заяатнуудын эдлэх тавилан эзнээ төрөхөөс өмнө бүрэлдэн боловсрох нь ч буй.
Бас, эзнээсээ хамаагүй хойно биеллээ олдог үзэл санаа, тодрон яригддаг намтар цадиг ч бий. ХХ зуунд биеллээ олсон коммунист үзэл санааны эцгүүд өмнөх зуунд төрж, амьдраад аль хэдийнээ хорвоогоос хальсан хүмүүс байсан гэдэг.
Хэн байхаасаа үл хамааран нэрийн чинь өмнө эцэг эх, ургийн овог бичигддэг шиг ямар хүний амьдралын замнал нь өмнөх үеийнхээ түүхийн залгаас, үргэлжлэл, бас дараа үетэйгээ залгасан хэлхээстэй.
Манай түүхийн хамгийн эгзэгтэй үед Дээд шүүхийг тэргүүлж асан Д.Дэмбэрэлцэрэнгийн намтар ч Монгол улсын төрийн хоёр өөр тогтоц, эсрэг тэсрэг гэмээр зарчим, тэдгээрийн хоорондох тайван ухаалаг шилжилттэй холбогддог.
Зөвхөн ХХ зуунд л гэхэд засаглалын хэлбэрээ ч удаа сольсон ба 1924 онд хаант засгаа халж Зөвлөлт маягийн Бүгд найрамдах улс болсон байдаг. Харин 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталжээ. Дэмбэрэлцэрэнгийн амьдралын оргил үе БНМАУ-ын хууль цаазын сүүлчийн өдрүүд, ардчилсан шинэ Монгол Улсын эхний он жилүүдтэй давхцаж, энэхүү адармаатай шилжилтийн түүхийг бичилцэж, гол дизайныг хамтран боловсруулж, хэрэгжүүлэгч байх хувь тавиланг ногдуулжээ. Иймээс Дэмбэрэлцэрэнгийн намтрыг тал нутгийн хууль цаазын өв уламжлалаас эхлээд Монгол маягийн социалист дэглэм, улмаар шинэ ардчилсан үндсэн хуульт Монгол улс мэндэлсэн түүхийн өнгө, дэвсгэр дээр бичихээс өөр аргагүй юм. Эл ном бол нэг талаасаа хувь хүний намтар, хуульчийн хувийн түүх төдийгүй Монгол үндэстний хууль цаазын хялбар түүх, иргэншсэн ертөнцийн дэг ёс нэвтэрсэн ойллого сэлтийн хураангуй гэсэн ч бас болно. Төрийн түүх бол хуулийн түүх байдаг, хуулийн түүхийн гол багана нь хуульчийн намтар байдаг. Тийм учраас энэ бол хувь хүний ч намтар, хууль цаазын ч түүх аль алин ч мөн юм.
Тал нутгийн их гүрний хууль цаазын зарим онцлог байдлыг сонирхуулан хүүрнэх замаар тоймлон дүрсэлж, хувь хүнийхээ өсөж торнисон намтрыг гол болгосноо бас дурдан хэлмээр байна. Үнэлэн дүгнэх, хэрхэн ойшоох нь угаасаа уншигчийн хэрэг бөлгөө.
Редактор Б.Цэнддоо