Үнэндээ энэ ном тэр чигтээ л хэн нэгэн чимээгүйхэн орж ирээд, нуруун дээр гараа тавихыг нь мэдэрсэн ч эгээ л амгалан, юунд ч адгалгүй, төсөөлөлдөө тэнгисийн гүн рүү эргэлт буцалтгүй уусан алдуурах шиг нам гүмхэн суусаар, дотогшоо чимээлсэн мэдрэмжид хөвсөлзүүлэх увдист хүүрнэл билээ.
Японы зохиолч Харүки Мүраками энэ романаа 1992 онд бичжээ. Хүүхэд насандаа үерхэж нөхөрлөж байсан хүү, охин хоёр амьдрал тогтсон хойно, 25 жилийн дараа эргэн уулзана. Хэн хэндээ татагдаад байсан нь хайр гэхээсээ илүү хүсэл тачаал гэлтэй.
Хүүхдүүд өсөж торнин, амьдралын эрхээр салж , өөр өөрийн хүсэл сонирхлыг хөөдөг боловч хүүхэд насандаа хайрлаж явсан гэхээсээ илүүтэй үерхэж нөхөрлөж байсан хүнээ олны дунд эрж хайх бултаж болохгүй хувь тавилан болов уу.
Энэ учрал элсэн эрэг өөд давлагаалах далайн ус мэт, хэн хэнийгээ уусган үгүй болгох хүчтэй билээ...