Зохиогч Ё.Отгонбаярын Монголын гээгдсэн түүх-1, Монголын гээгдсэн түүх-2 бүтээлүүд нь уншигч олны таашаалыг хүртэж, эрэлт хэрэгцээтэй номуудад тооцогдон хэдэнтээ дахин хэвлэгдсэн. Энэ удаад уг цувралын ээлжит дэвтэр Монголын гээгдсэн түүх-3 бүтээлийг уншигч та бүхэндээ хүргэж байна.
Монголын их талаас гаралтай, бидний өвөг дээдэс жужанчуудын үлдэгдэл аваарчууд гурван зууны туршид Дорнод Европыг донсолгож, Дорнод Ромын эзэнт гүрнийг ганхуулж явсан бол Их Монгол улс болон түүний залгамжил улсуудын үед монгол хаадын хатад болсон Ромын гүнж нарын ачаар энэхүү эзэнт гүрэн сүйрлээс хэрхэн аврагдсан тухай бид тэр болгон сонсоогүй буй заа. Зүүн Азийн хувь заяаг шийдсэн атлаа түүхэнд мартагдан орхигдсон Үнэгэн давааны байлдаанд монгол цэргийн байлдааны шалгарсан тактикууд хэрхэн хэрэглэгдсэн, Германы фельдмаршалууд монгол цэргийн байлдааны урлагийг сонирхон судалж байсан, Их Монгол гүрнийг байгуулахад бүх насаа зориулсан ялагдашгүй алдарт Сүбээдэй баатар түүхэнд яагаад мартагдан орхигдсон, Монгол-Бирмийн хэд хэдэн дайн дэлхийн түүхийн хуудаснаа гээгдсэн учир шалтгаан гээд бидний үл мэдэх сэдвүүд олон. XIII зуунд монгол цэргийн хэрэглэж байсан байлдааны стратеги, тактикийг тэртээ хожим ХХ зуунд л онолын үндэстэй болгон боловсруулж, саяхан болтол НАТО буюу Умард Атлантын Гэрээний байгууллагын цэргийн онолын үзэл баримтлал болгон хэрэглэж байсныг бид тэр болгон мэдэхгүй.
Монголчууд тахлыг зэвсэг болгон хэрэглэснээс үүдэн Европт аймшигт хар тахал тархсан мэтээр хэдэн зуун жилээр ташаа ойлголт түүхчдийн дунд үлдсэн, Өгэдэйн улсыг сэргээхээр их хаан Хубилайн эсрэг насаараа тэмцсэн Хайду хан, хээрээр тэнэж явсан дээрэмчнээс Дундад болон Баруун Азийг чичрүүлсэн эзэнт гүрнээ байгуулсан Доголон Төмөр хаан, ах дүү монголчуудаа нэгтгэх гэж ХХ зууны эхэнд хүчирхэг Дундад иргэн улсын эсрэг зэвсэг барин тэмцсэн монголчууд, Өвөр Монголоо тусгаар улс болгохын төлөө Японы Квантуны армитай хамтран ажилласныхаа төлөө хүүгээ цаазлуулж, өөрөө насны эцэс хүртэл гянданд суусан Дэмчигдонров вангийн гунигт түүх, Алтайн казахуудын улс байгуулах гэж тэмцэлдэж яваад баригдаж цаазлуулсан Оспан баатар гээд өрлөг түүхийн баларсан, мартагдсан хуудаснуудыг эргүүлэн, эрхэм уншигч танаа толилуулж байна.