Энэтхэгт 2500 жилийн тэртээ үүссэн буддын шашин Азийн урлагт гүн гүнзгий нөлөө үзүүлжээ. Буддын шашны урлагийн дүрслэл, илэрхийлэл нь буддын шашин дэлгэрсэн орнуудын соёл, түүх, газар нутгийн онцлогийг өөртөө шингээн хэдэн зууны турш хувьсан өөрчлөгдөж иржээ. Буддын шашин дэлгэрэхийн хамт тухайн улс үндэстний онцлогийг шингээсэн буддын урлаг бүрэлдэхийн сацуу бусад орны уламжлалыг ч үлэмжхэн хэмжээгээр шингээжээ. Хэдэн зууны турш “нэгэн тогоонд” нэжгээд дүр дүрслэл холилдон ууссанаар буддын шашинт улс орнуудад тус тусын соёл иргэншлийн далд чинад утга агуулгатай шүтээн урлаг, дүрс баримлууд үүсэв. Буддын урлаг нь аль урсгал, цаг үе, ямар ахуй соёл гэдгээс хамааран буддын шашин, сүсэг бишрэлд ач холбогдолтой явсаар ирсэн. Ерөөс буддын урлаг чухамдаа буддын сургаал номд суралцах, түүхэн явдлыг үечлэн тодорхойлох, сүм хийд болон хувь хүний сүсэг, хэрэглээнд нэн чухал байсаар ирсэн хэмээж болно. Энэ утгаар суварга, шүтээн зураг, баримал, бурхны хот мандал болон шашны урлагийн бусад бүтээл нь бясалгал, зан үйл, ёслолын чухал хэсэг билээ.