Бид хууль дотор, хууль доор амьдардаг. Хууль биднийг иргэн, ажилтан, эмч, эхнэр нөхөр эсвэл өмчлөгч, эзэмшигч гэхчлэн хэн болохыг тодорхойлдог. Хууль бол энэ цагийн бидний хатгалдах илд, хамгаалах бамбай, хамаарах тавилан мөн. Гарт баригдаж, нүдэнд харагдахгүй хууль гэгчийг барьж, бид цалин хөлсөө нэхэж, түрээсээ төлөх, төлөхгүй талаар маргалдаж, торгуульд унах, хоригдох, хоригдохгүйгээ ч заалдан тулж байдаг. Хууль бидний хэрхэх талаар шивнэх төвийн бүрхэг хэлсэн ч бай, бүр огт чимээгүй байвч бид хуулийн үзэл санаа, зорилтыг ухварлан бодож, зарлиг тушаалыг нь биежүүлэн хэрэгжүүлэх үүрэгт албатууд билээ.
Энэ юу гэсэн үг вэ? Хэвлэгдэн гарсан хууль ингэ гээд тушаачихсан ч юм шиг, үгүй ч юм шиг тодорхой бус, салаа утгатай байх үед бид хэрхэн түүнийг биелүүлэх вэ? Цөөнгүй жил тунгаасны дүнд би энэ асуултуудад хэсэг тус бүрийг нь орхигдуулалгүй бүрэн дүүрэн хариулахыг оролдсоноо танд толилуулж байна. Бодит түүхэн хэрэг явдлыг үндэслэлтэй шийдвэрлэсэн шүүхийн практик л манай хууль зүйн тогтолцоог шилдэг нь болгож байдаг бөгөөд эдгээрт тулгуурлан хууль зүйн учир шалтгааныг бүтээлчээр танин мэдэх ёстой гэж би тоймлон хэлнэ. Улс төрийн үнэт зүйлсийн өрсөлдөөн, тэдгээрийн үнэлэмжийн олон янз байдлаас шалтгаалж, урьд өмнө шийдвэрлэж байснаас өөр шинэ хүчин зүйлсийг харгалзан хэрэг маргааныг шийдвэрлэх үед тэдгээрийн хүрээ хязгаар, зааг ялгаа тодрон гарч ирдэг. Тэрхүү шинээр гарч ирсэн элемент бүрийг буюу бүхнийг харгалзан үзсэн хуулийн тайлбар чухамдаа хууль зүйг хөгжүүлж байдаг гэсэн дүгнэлтэд зайлбаргүй хүрдэг. Ном маань хууль зүйн тухай энэхүү үзэл баримтлалыг хөгжүүлж, дэлгэрүүлж тайлбарлахад чиглэсэн. Мөн энэ үзлээ илүү шударга ёс, нийтийн ашиг сонирхол, хүмүүсийн эв нэгдлийн ерөнхий зарчимд тулгуурлан өгүүлнэ. Үүгээрээ мөн хийсвэр эрх зүйн онолын үзэл санаа нийтлэг эрх зүй (common law), хууль тогтоомж, Үндсэн хуульд хэрхэн тусгалаа олсныг ч шинжих болно.