Адам Смит 1776 онд гаргасан Үндэсний баялаг бүтээлдээ эдийн засгийн өсөлт л улс орныг ядуурлаас гаргадаг цорын ганц зам гэдгийг маш тодорхой тайлбарлахаас гадна эдийн засгийн эрх чөлөө бол энэ өсөлтөнд туйлын чухал урдчилсан нөхцөл гэдгийг харуулав. Хун төрөлхтний өнгөрсөн 250 жилийн хөгжил дэвшил Адам Смитийн зөв байсныг нотолсон юм. Зах зээлийн эдийн засаг дэлхий даяар ядуурлын тувшинг урьд өмнө үзэгдэж харагдаж байгаагүй их хэмжээгээр буулгаж чадав.
Гэвч олон улс оронд ядууралтай хийх тэмцэл тэдний нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих хамгийн тулгамдсан асуудлын нэг хэвээр үлджээ. Хэдийгээр сүүлийн арван жилийн турш энэ асуудалд дорвитой ахиц гарч байгаа ч одоо хүртэл дэлхийн хун амын 10% туйлын ядуу амьдарч байна.
Ядуу буурай улс орнуудад 50 гаруй жилийн турш хөгжлийн тусламж дэмжлэг үзүүлсний дараа нэг зүйл маш тодорхой болов. Хөгжлийн тусламж дэмжлэг үзүүлж ядууралтай тэмцэх энэ загвар олигтой үр дүнд хүрдэггүй юм байна. Хэдийгээр өөр ямар ч тив Африк шиг асар их хөгжлийн тусламж дэмжлэг аваагүй боловч Африкийн олон орны ядуурлын түвшин улам нэмэгдэж, амьдралын нөхцөл байдал туйлын хунд хэвээрээ байна.
Тэгвэл ядууралтай хийх тэмцэлд бидэнд юу тус болох вэ? Өнөө үед энэ тэмцэлтэй Адам Смитийн үзэл санаа хэрхэн холбогдож байгааг Райнэр Цитэлманн тодорхой үзүүлэв. Тэр энэ номдоо Вьетнам, Польш улсыг жишээ болгон аваад, улс орнууд хэрхэн ядуурлаас гарч болохыг харуулжээ. Энэ хоёр улс хоёулаа олон сая хуний алтан амийг авч одсон аймшигт дайнд нэрвэгдсэн билээ. Мөн хоёулаа дайнд устгаж сүйрүүлээгүй авч үлдсэн бүхнээ социалист төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогоор сүйтгүүлсэн юм. 1990 онд Вьетнам дэлхийн, харин Польш Европын хамгийн ядуу орны нэг байв.
Гайхмаар сонин мэдээ, баримтыг дэлгэрэнгүй бичсэн энэ сэтгэл татам номдоо Цитэлманн Вьетнам, Польшид хийсэн эдийн засгийн шинэчлэлт нь ядууралтай хийх тэмцэлд хэрхэн ялалт байгуулж, ард олны амьдралын түвшинг урьд хожид үзэгдэж дуулдаж байгаагүйгээр сайжруулсан талаар өгүүлжээ.
Циталманн их хэмжээний тоо баримтыг ойлгомжтой хэлбэрээр танилцуулснаас гадна тэр бас өөрийнхөө үзэж мэдэрсэн бүхэн, энэ шинэчлэлтийг туулсан жирийн иргэдийн амьдралын түүхийг оруулаад Польш, Въетнамын ард түмний өдөр тутмын амьдралыг дүрслэн бичсэн байна. Тэр эдгээр улсын эдийн засгийн гайхалтай өсөлтийн шалтгааныг тогтоогоод, бусад улс орны эдийн засагт тэднээс юу суралцаж хэрэгжүүлж болохыг судалжээ.