Тоо томшгүй олон уул ус, түүхийн дурсгалт газруудыг нандигнан хамгаалдаг ч дэргэд байгаа аж үйлдвэрийн өвийг үл тоомсорлох нь олонтоо. Олонх хүмүүс аж үйлдвэрийн газруудыг зөвхөн үйлдвэрлэл, боловсруулалт, хөдөлмөр эрхлэлт өрнөдөг газар гэх нийтлэг үзэл байхаас бус тэдгээрийг нэг төрлийн соёлын өв болгон хамгаалах ёстой гэж төсөөлдөг ч үгүй. Хүйт дааж, зэвэрч гандсан ган, төмөр хавтан, хуучирч, элэгдсэн үйлдвэрийн барилга сэлтийг харсан зарим хүмүүс үүнийг үеэ элээсэн, хоцрогдсон гэж дүгнэдэг байх. Гэтэл аж үйлдвэрлэлийн өв нь хүн төрөлхтний нийгмийн бүтээмжийн явц дахь хувьсал өөрчлөлтийг илтгэхээс гадна хотын түүхийг өөртөө тэмдэглэн үлдээдэг. Аж үйлдвэрийн өвийг хамгаална гэдэг нь тухайн цаг үеийн дурсамжийг хамгаалж буй хэрэг юм.
Аж үйлдвэрийн өв нь нэг талаас хотын хөгжлийн ул мөрийг тэмдэглэн үлдээж, хотын соёлын түүхэн гэрч болдог бол нөгөө талаас хотжилт хурдсахын хэрээр, аж үйлдвэрийн өвийг хамгаалах ажилд бодит бэрхшээл тулгарсаар байна. Бодит байдалтай зөрчилдсөн атлаа аж үйлдвэрийн өвийг хамгаалах, дахин ашиглах явдлыг хотын соёлын бүтээн байгуулалттай хослуулсан гайхалтай туршлагууд ч цөөнгүй байна.
Энэхүү ном нь хот төлөвлөлтийн өнцгөөс нийслэл Бээжин хотын бүтээн байгуулалтын явцад аж үйлдвэрийн өвийг хамгаалах, дахин эргэлтэд оруулж ашиглах талаарх асуудлыг хөндөх юм. Номын эхний хэсэгт нийслэл хотын хуучин гангийн үйлдвэрийн бүсийг хэрхэн шинэлэг, өвөрмөц онцлог бүхий, олон чиглэлт соёлын парк болон 2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийг зохион байгуулах хорооны оффисын бүс, өвлийн олимпын наадмыг зохион байгуулах газрын нэг болох Мөс ба галын дуу (A Song of Ice and Fire) болгон өөрчилсөн тухай өгүүлнэ.
Номын дараагийн хэсэгт 751 аж үйлдвэрийн өвийг хотын зүүн дүүргийн соёл урлаг, инновацын төвлөрсөн газар болгон өөрчлөх эхлэлийг тавьж, бодит эрэл хайгуул болон үзэл баримтлалыг уялдааг холбож, аж үйлдвэрийн өвийг хамгаалах үйл ажиллагаа болон хот байгуулалтын ажил хоорондын интерактив хөгжлийн үйл явцын талаар өгүүлэхийг зорьсон.
Аж үйлдвэрийн өвийг хамгаалах талаар ойлголттой болохын тулд тодорхой цаг хугацаа шаарддаг. Аж үйлдвэрийн өвийн ач холбогдлыг хүмүүст бодит амьдрал дээр мэдрүүлж, таниулж байж энэ ажил аажмаар олон нийтийн ойлголт, дэмжлэгийг авч цаашдаа аж үйлдвэрийн өвийг хамгаалах гол хүч нь ард иргэд өөрсдөө юм гэдгээ ойлгох болно.