Сэмүэл Хантингтоны намтрыг ярихын оронд, түүнийг дэлхий дахинаа алдаршуулсан Төр ба цэрэг: Иргэн-цэргийн харилцааны онол ба бодлого (1957), Иргэншил хоорондын мөргөлдөөн: Өөрчлөгдөн буй дэлхий ертөнц (1996), Гурав дахь давлагаа: XX зууны сүүл үеийн Ардчилал (1991) зэрэг бүтээлүүдийн нэрийг дурдахад хангалттай. Эдгээр бүтээлийн ард өнгөрснийг нягт судлан зөв зүйтэй дүгнэхээс эхлээд өнөө цаг үеийг нухацтай шинжлэн маргаашийн хандлагыг тоймлодог суутнуудын нэг байдаг.
Тэрхүү суутны нэгэн бүтээлийг бид танд өргөн барьж байна. Энэ бол ХХ зууны хоёрдугаар хагаст, дэлхийн дайны дараах шинэ ертөнц дөнгөж мэндэлж байхад туурвиад алдаршсан Төр ба цэрэг: Иргэн-цэргийн харилцааны онол ба бодлого бүтээл.
Энэхүү ном нь танд иргэн-цэргийн харилцааны онолыг танилцуулах болно. Уншигч та юуны өмнө энэ номоос АНУ-ын болон Европ, Азийн түүхийн олон материалтай танилцах болно. Гэхдээ энэхүү ном ерөнхийдөө иргэн-цэргийн харилцааны түүхчилсэн тодорхойлолтыг ялангуяа иргэн-цэргийн харилцааны ямар нэгэн тодорхой талыг тайлбарлахыг оролдоогүй юм. Уг бүтээл нь гагцхүү иргэн-цэргийн харилцааг харах, энэ чиглэлийн сэтгэлгээг хөгжүүлэх арга замыг болон товчхондоо хэлбэл, онолын хүрээг хөгжүүлэх оролдлого юм.
Арга зүйн хоёр таамаглалыг энэ номдоо дэвшүүлнэ. Нэгдүгээрт, аливаа нийгэм дэх иргэн-цэргийн харилцааг харилцан хамаарал бүхий элементүүдээс бүрдсэн тогтолцоо болгон судлах ёстой гэж үздэг. Хоёрдугаарт цэргийн байгууллагуудын мөн чанар, зорилгын талаарх тодорхой байр сууринаас эхлэн, цэргийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг тодорхой төрлийн тэнцвэрт байдал буюу “объектив иргэний хяналт”-ыг хийсвэрээр тодорхойлох боломжтой гэж үздэг.